Үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний 8 сард 1.0 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 478.2 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 1013.8 (31.7 дахин) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 282.6 (2.4 дахин их) сая ширхгээр тус тус нэмэгджээ.
Үнэт цаасны гүйлгээ өнгөрсөн сард 422.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 416.7 (77.3 дахин) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 417.0 (82.9 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ.
Харин арилжсан үнэт цаас 99.3 сая ширхэг болж, өмнөх сараас 83.6 (6.3 дахин) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 75.8 (4.2 дахин) сая ширхгээр өссөн байна. Үнэт цаасны гүйлгээ энэ оны 8 дугаар сард өмнөх сараас 77.3 дахин өсөхөд "Эрдэнэс таван толгой” ХК, "Мандал ирээдүйн өсөлт” ХХК, "Инвескор ББСБ” хувьцаат компаниуд хөрөнгийн зах зээлд бондын арилжаа хийсэн нь голлон нөлөөлжээ.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс энэ оны 8 дугаар сард 35152.1 нэгж болж, өмнөх сараас 2508.0 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 18433.3 нэгжээр өссөн байна.
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн сарын эцэст 4.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 757.6 (19.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 (81.1%) их наяд төгрөгөөр өсжээ.