Монголын Хөрөнгийн биржийн жилийн арилжааны дүн 1 их наяд төгрөгийг давжээ. Мөн ТОП-20 индекс 41 мянган нэгжийг, зах зээлийн үнэлгээ 4.5 их наяд төгрөгийг тус тус даваад байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн түүхэн дээд үзүүлэлтүүд дахин шинэчлэгдлээ. Энэхүү үр дүн дотоодын хөрөнгийн зах зээлд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 26 жилийн түүхэн ойн өмнөх өдөр тохиож буй аж.
Өнгөрсөн 7 хоногийн мэдээллээр анхдагч зах зээлийн арилжаагаар: "ЭТТ Бонд"-ын 2 дугаар транчийн анхдагч зах зээлийн арилжаагаар 1.6 сая ширхэг 164,471,100,000 төгрөгийн бонд болон 133,199 ширхэг 13,319,900 ам.долларын бондыг татан төвлөрүүлжээ.
Хоёрдогч зах зээлийн арилжаагаар: 8 дугаар сарын 23-27-нд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1.5 сая ширхэг бондыг 150,361,721,699 төгрөгөөр арилжсан байна. Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-гийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 522,544 нэгж эрхийг 126,735,173.64, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 125,189 нэгж эрхийг 141,775,291 төгрөгөөр тус тус арилжив. 8 дугаар сарын 27-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 4,547,023,426,518.85 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41073.1 нэгж болж өмнөх 7 хоногоос 23.18 хувиар өссөн үзүүлэлттэй байна.