Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ЭМЯ-ны төлөөлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагын хамт тарилгын "Айвико” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзан, санал хүсэлтийг сонслоо.
Дээрх эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 29 тонны 1.2 сая уут, сав баглааг БНХАУ-аас тусгай үүргийн онгоцоор татан аваад байна. Шадар сайд С.Амарсайхан цар тахлын халдварын хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд нэн шаардлагатай эм, тарилгын шингэнийг тасалдуулалгүй үйлдвэрлэж байгаад талархал илэрхийлэв.
Тэрээр, "Энэ удаад төр, засгаас дэмжлэг үзүүлэн тусгай үүргийн онгоц гаргаж, тус үйлдвэрт нэн шаардлагатай тарилгын шингэний 1.5 сарын нөөцийг бүрдүүллээ. Тиймээс та бүхэн эм тарилгынхаа үнийг нэмэхгүй байх, цаашид галт тэргээр болон Замын-Үүдээс бусад хилийн боомтоор бүтээгдэхүүнээ татан авах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, нөөцөө тасалдуулалгүй бүрдүүлэх, ЭМЯ, Эмийн агентлагт хүсэлтээ уламжилж тулгамдсан нөхцөл байдлыг шийдвэрлэн ажиллах хэрэгтэй” гэдгийг хэллээ.
2004 онд байгуулсан "Айвико” үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж үйлдвэрийн хос шугам бүхий, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 50, нийт 64 нэрийн тарилгын эмийг үйлдвэрлэж байна.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт вакцины цэг дээр очиж гуравдугаар тундаа хамрагдаж, иргэдийг гуравдугаар тундаа хамраглахыг уриалсан талаар Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.