Улсын хэмжээнд ААН, байгууллагын тоолллого 7 дахь өдрөө үргэлжилж байна. ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболдын мэдээлснээр, улсын хэмжээнд энэ оны III улирлын байдлаар 205.754 ААН бүртгэлтэй байгаагаас 91.685 нь үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн оны жилийн эцэст 200 мянган ААН байв. Энэ онд ойролцоогоор 15 мянган ААН нэмж бүртгүүлжээ. Өмнөх оны эцэстэй харьцуулахад ААН-ийн тоо 500-гаар нэмэгджээ. Гэхдээ үйл ажиллагаа явуулж буй нь бага байгаа нь коронавирусний нөхцөл байдал, хөл хорио, хязгаарлалттай холбоотой аж.
Бүртгэлтэй байгаа 205.754 ААН-ийн:
- 114.069 нь үйл ажиллагаа явуулаагүй буюу ажиллаагүй,
- 59.918 нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй,
- 47.051 нь түр зогссон,
- 4758 нь хаяг нь тодорхой бус буюу олдохгүй байгаа,
- 2342 ААН-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон дүнтэй байна.
ААН, байгууллагын энэ оны ээлжит тооллогын үр дүнд ААН, байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн инноваци, судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийн нэвтрэлт, ажиллах хүчний хангамж, хүрэлцээ, хомсдол зэргийг гаргана.
Мөн ажиллах хүчний хүрэлцээгүй байгаа шалтгаан, зөвшөөрөл олгох, сунгах үйл явц, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад төрийн байгууллагын зүгээс үзүүлж буй дарамт зэргийг нарийвчилсан тоон мэдээллээр гаргаж "Нэгдсэн мэдээллийн сан” бүрдүүлэх аж.