Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах гэж байна. Үүний өмнө ГХЯ, МҮХАҮТ хамтран хэлэлцээр байгуулах талаар бизнес эрхлэгчдийн саналыг авсан юм. Санал асуулгад Монголын 120 гаруй ААН, байгууллага хамрагдсанаас 98.4 хувь нь Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах нь зөв гэж үзжээ. Энэ талын санал солилцох уулзалт өнгөрсөн баасан гарагт болж, үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогчид болон мэргэжлийн холбоодын 60 гаруй төлөөлөл оролцов.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ЭЗТХ-ийг үр өгөөжтэй байлгахын тулд хэлэлцээрийг байгуулах шатанд бизнес эрхлэгчид санал бодлоо илэрхийлж, тусгуулах нь чухал гэдгийг онцлов. Энэ талаар мөн ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Д.Мөнхжаргал хэлж, уулзалтад оролцогсод хэлэлцээртэй холбоотой мэдээллийг өгөв.