Хятадын онлайн худалдааны хамгийн том компани болох "Alibaba Group”-ыг үүсгэн байгуулагч Жэк Ма энэ жил тус улсын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэргүүлэх байр сууриа алджээ.
"Хужунь" (Hurun Research Institute) судалгааны байгууллагаас гаргадаг уг жагсаалтыг 60.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, "савласан усны хаан” гэгддэг Жун Шаньшань тэргүүлсэн байна.
Савласан ундны ус үйлдвэрлэгч "Nongfu Spring” компанийн эзэн Жун Шаньшань мөн энэ жил "Hurun Research Institute”-ээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний 10-т бичигдсэн анхны хятад хүн болжээ.
"TikTok” хавсралтыг эзэмшдэг "ByteDance” компанийг үүсгэн байгуулагч, 38 настай Жан Имин 52.8 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Жилийн хугацаанд түүний хөрөнгийн хэмжээ 209 хувиар нэмэгдсэн байна.
Жагсаалтын гуравдугаарт түлшний элемент болон лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэгч Хятадын томоохон компани болох CATL-ыг үүсгэн байгуулагч Зэн Юйцинь орсон байна. Жилийн хугацаанд түүний хөрөнгө 167 хувиар нэмэгдэж, 49.7 тэрбум ам.доллар болжээ. Зэн Юйциний араас харилцаа холбооны Tencent компанийг үүсгэн байгуулагч Пони Ма (Ма Хуатэн) бичигдсэн байна. Пони Магийн хөрөнгийн хэмжээ 19 хувиар буурч, 49.2 тэрбум ам.доллар болжээ.
Өнгөрсөн онд Хятадын хамгийн баян хүнээр тодорч байсан Жэк Ма энэ жил жагсаалтын тавдугаарт орсон байна. Тэрбээр энэ жил "Ant Group” финтек компанийнх нь IPO бүтэлгүйтэж, монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр 2.8 тэрбум ам.долларын торгууль төлсний дараа хөрөнгийнхөө 36 хувийг алджээ. Түүний хөрөнгө 39.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Энэ жил үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдээс нэг ч хүн жагсаалтын эхний 10-т багтаж чадаагүй байна. Жишээлбэл, 2017 онд жагсаалтыг тэргүүлж, өнгөрсөн онд тавдугаарт бичигдэж байсан "Evergrande Group”-ыг үүсгэн байгуулагч Сюй Жиаин огцом доошилж, 70 дугаарт оржээ.
"China Evergrande Group" нь олон салбарт хөрөнгө оруулдаг холдинг бөгөөд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон тоглогч юм. Гэвч тус группийн өр 304 тэрбум ам.долларт хүрч, дампуурлын ирмэгт иржээ. Борлуулалт буурч, өндөр эрсдэлтэй бизнесийн загвар гаргасан нь, мөн Хятадын орон сууцны зах зээлийн өсөлтийг хязгаарлах Бээжингийн арга хэмжээ тус компанийг хямралд хүргэсэн байна. Хонконгийн биржээр арилжаалагддаг хувьцаа нь он гарснаас хойш 82 гаруй хувиар хямдарчээ.
Жагсаалтад багтсан хүмүүсийн 26 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөрөнгө оруулалтын "Country Garden Holding" компанийн гол хувьцаа эзэмшигч, 28.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ян Хуэйянь Хятадын хамгийн баян эмэгтэйгээр тодорчээ. Өдгөө 40 настай тэрбээр жагсаалтын 11 дүгээрт орсон байна.