Дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович тэргүүтэй бүх тоглогч ирэх оны нэгдүгээр сард болох Австралийн нээлттэй тэмцээнд оролцохын тулд "COVID-19"-ийн вакцинд хамрагдсан байх шаардлагатай гэж тус тэмцээнийг зохион байгуулах холбооны тэргүүн Крэйг Тайли өнөөдөр мэдэгджээ.
Н.Жоковичийн хувьд вакцинд хамрагдсан эсэхээ олон нийтэд дэлгэхээс татгалзсаар ирсэн бөгөөд ирэх онд Мельбурн хотноо болох тэмцээнд оролцох эсэхээ шийдэхдээ Австралийн талбайн теннисийн холбооны холбогдох шийдвэрийг хүлээнэ гэдгээ мэдэгдээд байсан юм.
"Вакцинжуулалтын талаар янз бүрийн таамаглал гарч байгаа тул тодруулга хийе. Тэмцээнд оролцох хүн бүр вакцинд хамрагдсан байх шаардлагатай” гэж К.Тайли мэдээлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, "Бид бүгд Новакийн тоглолтыг үзэхийг хүсэж байгаа бөгөөд түүний хувьд тэмцээнд оролцохын тулд вакцинд хамрагдсан байх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа” гэв.
Австралийн талбайн теннисийн холбоо, Викториа мужийн засаг захиргаа вакцинжуулалттай холбоотой асуудлын талаар олон сарын турш хэлэлцсэн юм. Ирэх оны Австралийн нээлттэй тэмцээнийг нэгдүгээр сарын 17-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байгаа билээ.