Цар тахал гарснаас хойш зохиогдож буй талбайн теннисний гурав дахь их дуулга өнөөдөр Мельбурн хотноо эхэллээ. 109 дэх удаагийн Австралийн их дуулгаар өнгөрсөн онд найм дахь Австралийн их дуулгад түрүүлсэн Новак Жокович аваргаа хамгаалан тоглох юм.
Харин түүний гол өрсөлдөгч Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас анх удаа Австралийн их дуулгыг өнжихөөр болсон. Мөн өнгөрсөн оны АНУ-ын их дуулгаас анхны түрүүгээ авч, Австралийн их дуулгын финалд Жоковичид хожигдсон Австрийн Доминик Тим даагаа нэхэх болно.
Яг одоо эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлийн нэгдүгээр тойргийн тоглолтууд эхлэн явагдаж байгаа ба Японы залуу тамирчин Наоми Осака, Канадын Милош Раонич тэргүүтэй тамирчид ялалт байгуулаад байна.
Нийт 71 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд 128 тамирчин хурд, хүчээ сорьж байгаа юм.