"COVID-19”-ийн шинэ хувилбар болох "омикрон” бусад хувилбаруудаас хурдан халдварладаг, хүндээр өвчлүүлдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ням гарагт мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, "омикрон” хувилбар бүртгэгдсэн Өмнөд Африкт коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч уг хувилбарыг хүнээс хүнд илүү амархан халдварладаг гэж дүгнэхэд эрт байгаа ажээ.
Үүний зэрэгцээ халдвар авсан хүмүүс хүндээр өвчлөх эрсдэлтэй эсэх нь мөн адил тодорхойгүй байгаа ч урьдчилсан мэдээллээр Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн үзүүлэлт нэмэгдэж буй байдал ажиглагдаж байна. Гэхдээ энэ нь халдварын тохиолдол олноор нэмэгдэж байгаатай холбоотой байж болох юм.
Мөн "омикрон” хувилбараар халдварласан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд бусад хувилбарынхаас өөр гэж үзэх мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд шинэ хувилбарын талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг олж авахад цаашид хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.
"COVID-19”-ийн бүх хувилбар, түүний дотор дэлхий даяар давамгайлан тархаж буй "дельта” хувилбар нь хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг хүндээр өвчлүүлэх, улмаар нас барахад хүргэж болзошгүй байгаа тул халдвар авахаас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал аргад тооцогдож байгаа юм.
Гэвч ДЭМБ-ын мэдээлснээр, "омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллээс үзэхэд өмнө нь "COVID-19"-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн дахин халдвар авах эрсдэл нэмэгдэж болзошгүй байна. Гэхдээ энэ талаарх мэдээлэл ч мөн хангалтгүй байгаа бөгөөд ойрын өдрүүд, ойрын долоо хоногт тодорхой болох төлөвтэй байна. Мөн одоогоор хийж буй "PCR” шинжилгээгээр "омикрон”-ыг илрүүлэх боломжтой ч "COVID-19”-ийн вакцин, эмчилгээнд үзүүлэх нөлөөллийг нь судлахад нэмэлт судалгаануудыг хийх шаардлагатай байна.
ДЭМБ баасан гарагт "SARS-CoV-2” вирусний хамгийн сүүлд үүссэн "B.1.1.529” хувилбарыг "омикрон” гэж нэрлэж, "анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан юм. Түүнээс хойш "SARS-CoV-2”-ын тархалтад хяналт тавьж, геномийн дарааллыг тогтоож, шинэ хувилбарын анхны тохиолдлууд, голомтын талаар мэдээлэхийг улс орнуудад уриалжээ. Мөн "COVID-19”-ийн тархвар зүй, халдвар хамгааллын арга хэмжээнүүдийн үр нөлөө, эсрэг биетийн саармагжилтад "омикрон”-ы үзүүлэх үр дагаврын талаарх ойлголтыг улам сайжруулахын тулд хээрийн судалгаа, лабораторийн үнэлгээ хийхийг зөвлөж байгаа юм.