МАН-ын 30 дугаар Их хурал өнөөдөр "Улаанбаатар палас"-ын танхимд эхэллээ. Тус хуралд, 21 аймаг, есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна.
Их хурлыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлж албан ёсоор эхлүүлэв. Үүний дараагаар 30 дахь Их хурлын Мандатын комиссын даргаар Д.Сарангэрэлийг томилсны дараа тэрбээр Мандатын комиссын илтгэлийг танилцуулав. Хурал даргалагч Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Өнөөдрийн хуралдаанд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулна. Дараа нь Хяналтын ерөнхий хорооны тайлан, мэдээллийг сонссоноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах юм.
МАН өнөөдрийн байдлаар 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байна. 30 дахь удаагийн Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 92 настай бол хамгийн залуу нь 22 настай. Их хуралд урилгаар 200 хүн оролцож байгаа бөгөөд нийт төлөөлөгчдийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байна.