БНХАУ, АНУ, Япон, Герман зэрэг улсад залуу үеийнхэн эд баялаг, өмч хөрөнгийн төлөөх "өрсөлдөөн”-ийг өөр өнцгөөс харж эхэлж байна. Өөрөөр хэлбэл хэрхэн ажиллаж, амьдрах вэ, энэ хоёрыг хэрхэн илүү тэнцвэртэй авч явах вэ гэдгийг олон сая хүн эргэн нэг бодоцгоож буй.
АНУ-д "Өргөдлөө өгөх их давлагаа” өнгөрсөн хавраас эхэлсэн бөгөөд ажлаасаа сайн дураар гарсан хүний тоо энэ оны IV-IX сарын хооронд 24 сая давсан нь дээд үзүүлэлт болжээ. Герман, Япон зэрэг бусад чинээлэг оронд ч ижил тренд ажиглагдах болов.
Цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг дурдалгүй орхиж болохгүй. Олон улсад явуулсан цөөнгүй судалгаагаар урт хугацааны хэт их стрессээс үүдсэн хам шинж, сэтгэцийн эрүүл мэнд доройтсон гээд саар зүйлс улам нэмэгджээ.
"Microsoft”-ийн явуулсан санал асуулгаар ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн бараг тэн хагас нь ажлаасаа гарах асуудлыг нухацтай бодож буй аж. Харин "Qualtrics International” компанийн олон улсад явуулсан судалгаагаар мянганыхан болон "Z” үеийнхний хувьд 10 хүн тутмын дөрөв нь "Оффистоо эргэн ирж, бүтэн цагаар ажилла гэвэл өргөдлөө өгнө” гэж хариулсан байна.
Харин дээд үеийнхний дунд үүнийг эрх ямба нь дэндсэн, хойрго хандлага хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй бий. Бодит байдал дээр чинээлэг орнуудад ажлын цаг олон арван жилийн турш буурсаар байгаа юм. Хүн төрөлхтний оршихуйд цар тахал, уур амьсгалын өөрчлөлт заналхийлж буй энэ үед "Өргөдлөө өгөх их давлагаа” нь хувь хүний болон улс орнуудын түвшин дэх эд баялгийн төлөөх эцэс төгсгөлгүй мэт уралдааны талаар илүү гүн гүнзгий хэлэлцүүлгийг нийгэмд өрнүүлэх магадлалтай байна.