Япон Улсад суралцаж буй гадаад оюутнууд зөвшөөрсөн хэмжээнээс илүү цагаар ажиллах явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөхөөр болжээ.
Ингэхдээ оюутны эзэмшиж буй боловсролын диплом, мөнгөн хадгаламжийн дүн зэргийг нарийвчлан шалгана. Тодруулбал, Японд оршин сууж амьдрах зардлыг хариуцах эцэг эх, ойрын хүмүүсийн хадгаламжийн хэмжээ, түүнийг нотлох баримт бичиг, хэрэв хадгаламж нь садан төрлийн бус хүний нэр дээр байвал тухайн оюутантай ямар холбоотойг нотлох баримт бичиг, тодорхойлолт зайлшгүй шаардлагатай болох аж.
Иймд, Япон Улсад суралцаж буй, суралцахаар төлөвлөж буй оюутнууд зөвшөөрсөн хэмжээнээс илүү цагаар, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлэхдээ баримт бичгийн бүрдүүлэлтэд онцгойлон анхаарах, үнэн зөв мэдүүлэх шаардлагатайг анхаарууллаа.