Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor” компани АНУ-ын Хойд Каролина муж улсад автомашины цэнэг хураагуурын үйлдвэрээ байгуулж, үйл ажиллагааг нь 2025 оноос эхлүүлэхээр зорьж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. Тус компани нь Хойд Америкт ийм чиглэлийн анхны үйлдвэрээ байгуулах гэж буй нь энэ юм.
"Toyota” тээврийн хэрэгслүүдээ цахилгаан хөдөлгүүртэй болгох хүчин чармайлтынхаа хүрээнд цэнэг хураагуурын энэхүү үйлдвэрийг байгуулахад 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Уг үйлдвэр нь жилд тус бүр 200 мянган лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн үйлдвэрлэлийн шугамтай байх ажээ.
Мөн цаашид үйлдвэрлэлийн шугамын тоог хамгийн багадаа зургаан болгон нэмэгдүүлж, жилд 1.2 сая автомашинд хүрэлцэх цэнэг хураагуур үйлдвэрлэх зорилт дэвшүүлээд буйгаа "Toyota” мэдээлжээ. Тус компани нь АНУ дахь автомашины цэнэг хураагуурын үйлдвэрлэлд 2030 он гэхэд 3.4 тэрбум ам.доллар зориулна гэдгээ 10 дугаар сард мэдэгдсэн байна.