Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар ОХУ-ын "Росконгресс” сангийн захирал Александр Стуглевтэй уулзаж, хоёр байгууллагын хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт-импорт, аялал жуулчлал, соёлын чиглэлд хамтран ажиллах юм. Түүнчлэн талууд олон улсын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлэх, Монгол-Оросын бизнесийн харилцаа холбоог бэхжүүлэх, урт хугацааны шинэ түншлэл эрэлхийлэх талд анхаарал хандуулан ажиллахаар тохиролцсон байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Бид "Росконгресс” сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь ОХУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэлээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлийг тодорхой илэрхийлж байна” хэмээн онцолж, хоёр орны бизнесүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн, гэрээний хэрэгжилтийг бодитоор хангах зорилт тавин энэхүү гэрээг байгуулж байна гэв.
"Росконгресс” сангийн захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Александр Стуглев хэлэхдээ, "Манай сан Зүүн Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Монгол Улсад найдвартай түнштэй болсондоо баяртай байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаатай холбогдуулан Орос Монголын бизнесүүдийн харилцааг идэвхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно” гэв.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар ОХУ-ын ХАҮТ-ын удирдлагуудтай уулзаж, ирэх онд Монгол-ОХУ-БНХАУ-ын ХАҮТ-ын дээд уулзалт болон "Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс-2022" бизнес форумыг Монгол Улсад зохион байгуулах талаар уулзаж, санал солилцлоо.