Монголбанкны Эрдэнэсийн сан, зоос, мөнгөн тэмдэгт судлаач Ч.Энхбаттай хамтран манай улсад дурсгалын зоос гаргасны 50 жилийн ойд зориулж "Монгол Улсын дурсгалын зоос” каталогийг эмхэтгэн гаргалаа.
Каталогид өнгөрсөн хагас зуунд гарсан дурсгалын бүх зоосыг огнооны дарааллаар, олон улсын зоосны эмхэтгэлийн үндсэн зарчмын дагуу эрэмбэлэн дугаарлаж, зоосны мэдээллийн хамт оруулсан байна. Мөн олонх зоосны зургийг бодит хэмжээгээр, харин жижиг зоосыг бодит хэмжээнээс 2 дахин томруулан, цөөн тооны зоосыг бодит хэмжээнээс багасган тэмдэглэгээ хийж, олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн зоосыг тодотгожээ.
Монгол Улс 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоос гаргаж байснаас хойш Монголбанк 634 зоос гаргаад байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэрээрээ бусад зоосноос ялгагдаж, нэрлэсэн үнэ, банкны бэлгэдэл тэмдгийг агуулахаас гадна банк санхүүгийн бие даасан байдлыг харуулж, улс орныг сурталчлах өвөрмөц илэрхийлэл болдог” хэмээн каталогийн өмнөх үгэнд дурдсан байв.
Төв банк нь түүхэн тэмдэглэлт ой, соёлын өв, спортын амжилт, түүхт хүмүүс, онцлог үйл явдалд зориулан олон төрлийн дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэрэг үнэт металл, никель зэс зэрэг өнгөт металаар гаргадаг.
Техник, технологийн хөгжил өндөр түвшинд хүрч, зоос урлан бүтээгчдийн чадвар хөгжиж байгаа нь эдгээр дурсгалын зоосны загвар, үзэмжид сайнаар нөлөөлж, ур хийцээрээ дэлхийн түвшинд үнэлэгддэг болжээ. Тухайлбал 2007 онд гаргасан "Нохой зээх” дурсгалын зоос "2009 оны шилдэг зоос” шагнал (ХБНГУ, Берлин), 2011 онд гаргасан "Шар шувуу” зоос "2013 оны хамгийн алдартай зоос” шагналыг (ХБНГУ, Берлин) хүртэж байлаа.
Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо хөгжсөний 30 жилийн ой энэ онд болж байгаа. Энэ хүрээнд Монголбанк "Банкны ажилтны өдөр”-ийг угтан Эрдэнэсийн сангийн дэргэд Мөнгөн тэмдэгтийн танхимыг зургаадугаар сард нээжээ. Энэ танхимд эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрийг шинээр дэглэж, нийтэд биетээр, виртуал хэлбэрээр үзүүлж байна. Мөн тус танхимд санхүүгийн боловсрол олгох контентуудыг үзэж, мэдлэг мэдээлэл авах боломжтой.