Их Британи, Өмнөд Африкт хийсэн урьдчилсан судалгаанууд коронавирусний "омикрон” хувилбар хөнгөн өвчлүүлдэг бололтой байгааг харуулжээ.
Одоогоор тодорхой болоод буй мэдээллүүдээс үзэхэд "омикрон”-оор халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо бусад хувилбаруудынхаас 30-70 хувиар бага байх магадлалтай байна.
Гэхдээ "омикрон” хөнгөн өвчлүүлдэг байсан ч халдварын тохиолдлын тоо эрс өсөх нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлэх тул мэргэжилтнүүдийн санааг зовоосон хэвээр байна.
Лхагва гарагт Их Британид цар тахал дэгдсэнээс хойш анх удаа өдөр 100 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ.
"Омикрон” хэр хөнөөлтэй болохыг нарийвчлан тодорхойлсон мэдээлэл нь улс орнуудыг уг хувилбарын эсрэг ямар хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шийдвэрлэхэд туслах юм.
Шотландын судлаачид коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд судалгаа хийжээ. Тэдний тогтоосноор, "омикрон” хувилбар "дельта”-тай адил хүндээр өвчлүүлдэг байсан бол 47 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх тооцоотой байна. Харин одоогоор 15 хүн эмнэлэгт хэвтэж байгаа юм байна.
Судлаачид энэ талаар хэлэхдээ, эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнүүдийн тоо ойролцоогоор гуравны хоёроор буурсан байдал ажиглагдсан ч одоогоор халдварын тохиолдлын тоо маш цөөн байгаагаас гадна энэхүү судалгаа нь хүндрэх эрсдэл ихтэй өндөр настай цөөн хүнийг хамарсан гэдгийг онцолжээ.
Гэхдээ "омикрон” хувилбар нь асар хурдтай тархаж байгаа тул олон хүн халдвар авах нь хөнгөн өвчлүүлдэг байхын үр нөлөөг ор мөргүй арилгаж болзошгүй байна. Эдинбургийн их сургуулийн профессор Марк Вулхаусын ярьснаар, хүмүүсийн дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн ч халдварын тохиолдол нэгэн зэрэг олноор нэмэгдэх нь эмнэлгийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлнэ.
Өмнөд Африкт хийсэн өөр нэгэн судалгаагаар мөн "омикрон” хөнгөн өвчлүүлдэг төлөвтэй байгааг харуулжээ. Тодруулбал, "омикрон”-ыг халдварын өмнөх давлагаанууд, одоогоор тархаж буй бусад хувилбаруудтай харьцуулахад өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж шаардагдах тооцоолол 70-80 хувиар бага байжээ. Гэвч олон хүн халдвар авсан тохиолдолд дорвитой ялгаа гарахгүй гэдэг нь ч мөн харагдсан байна.