"Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” үйл ажиллагаа ирэх сард АНУ-д болох гэж байна. Энэ талаар зохион байгуулагчдын нэг "Экспорт-олон улсын худалдааны төв”-өөс мэдээллээ. Тодруулбал, энэ оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-нд АНУ-ын Вашингтон болон Канад улсын Торонто хотод болох дээрх үйл ажиллагааг ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ЖДҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах гэж байна. Энд мөн АНУ болон Канад улс дахь Монгол Улсын ЭСЯ хамтран оролцож, манай улсаас "Экспорт-олон улсын худалдааны төв” болон "Дэлхийд нэртэй Монгол” ТББ-ууд зохион байгуулж байна. Гадаадын байгууллагуудаас АНУ-ын Гадаад худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь Дэлхийн Худалдааны төв, Канад улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо оролцох нь.
Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг үйл ажиллагааны үеэр Хөрөнгө оруулалтын чуулган, мөн хөрөнгө оруулагч нарт төсөл танилцуулах VIP уулзалт, "Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн-худалдаа, урлаг соёлын тоглолт зэрэг цогц арга хэмжээ болох аж. Чуулган болон уулзалтыг Үндэсний хөгжлийн газраас хариуцан зохион байгуулж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдолтой, дунд болон мега төслүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулан, сурталчлахаар төлөвлөжээ.
Иймд Монгол Улсын нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулах боломжтой төслүүдийг тодорхойлж, үндсэн арга хэмжээний өмнө төслүүдийг АНУ-ын талд сурталчлан, хөрөнгө оруулагчдад танилцуулахаар бэлтгэжээ.