Испанийн теннисчин Рафаэль Надаль энэ оны "Их дуулга” цуврал тэмцээний эхнийх нь болох Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд Италийн Маттео Берреттинийг буулган авлаа.
Тоглолт 6:3, 6:2, 3:6, 6:3 онооны харьцаагаар Испанийн тамирчны хожлоор өндөрлөжээ. Шувтаргын тоглолтод Надаль Оросын теннисчин Даниил Медведев, Грекийн Стефанос Циципас нарын хожсонтой нь тоглоно.
Өдгөө 35 настай Надаль Мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд тавдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд тус байгууллагын ивээл дор зохиогддог тэмцээнүүдэд 89 удаа түрүүлжээ. Испани теннисчин "Их дуулга"-д 20 түрүүлсэн бөгөөд Олимпын хошой аварга (2008 онд ганцаарчилсан төрөлд, 2016 онд хосын төрөлд түрүүлсэн), мөн Дэвисийн цомын таван удаагийн аварга юм. Надаль Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлбэл Сербийн Новак Жокович, Швейцарын Рожер Федерер нарыг ардаа орхиж, "Их дуулга” тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тоогоор дээд амжилтын эзэн болох юм.
25 настай Берреттинигийн хувьд дэлхийн чансаанд долоодугаарт бичигддэг бөгөөд Мэргэжлийн теннисчдийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд таван удаа түрүүлжээ. Тэрбээр өнгөрсөн оны Уимблдоны тэмцээний шувтаргын тоглолтод шалгарсан нь "Их дуулга"-ын цуврал тэмцээнд гаргасан хамгийн шилдэг амжилт юм.
Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 30-нд дуусна. Дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигддэг Сербийн теннисчин Новак Жокович Австралийн ковидын хязгаарлалтыг зөрчсөний улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжсөн юм. Мельбурн хотод болдог уг тэмцээний шагналын нийт сан 54 сая ам.доллар.