.
Австрали улс хоёрдугаар сарын 21-нээс эхлэн гадаадын иргэдэд хилээ нээхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.
"Сайд нарын үндэсний танхим энэ оны хоёрдугаар сарын 21-нээс визтэй бүх иргэнд хилээ нээх шийдвэр гаргасан. Хилээр нэвтрэхдээ вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой. Энэ бол журам бөгөөд бид бүгд дагаж мөрдөх ёстой" гэж тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн байна.
С.Моррисон мөн эрүүл ахуйн хязгаарлалт, хилийн арга хэмжээ Австралид ирсэн бүх хүнд үйлчилнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. "Бүс нутгуудад тогтоосон нэвтрэх хязгаарлалт, хорио цээрийн арга хэмжээнүүд үргэлжлэх бөгөөд өөрчлөх эсэх шийдвэрийг мужуудын эрх баригчид гаргана" гэж Засгийн газрын тэргүүн хэлжээ.
2020 оны гуравдугаар сард коронавирусний халдвар тархсаны улмаас Австрали улс хилээ хааж, гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг бүрмөсөн хориглосны зэрэгцээ эх орондоо буцаж ирэхийг зөвшөөрсөн австраличуудын тоог ихээхэн хязгаарласан. Австралийн эрх баригчид 2021 оны 11 дүгээр сараас хилээ хэсэгчлэн нээж, вакцин хийлгэсэн тус улсын иргэдийг тусгаарлагдахгүйгээр нэвтрэхийг зөвшөөрчээ. Одоогоор зөвхөн Австралийн иргэд болон тэдний ойрын төрөл төрөгсөд, мөн дөрвөн ангиллын виз эзэмшигчдийг л тус улсад нэвтрүүүлж байгаа юм.