БОАЖ-ын сайд, ЗТХ-ийн сайдын хамтарсан тушаалаар манай улсын агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах "Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл”-ийн хоёр дахь зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтаар цар тахлын үед алдагдалд орсон агаарын тээврийн салбарын зорилго зорилт, хийж хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцэв. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан салбарын "Хил хязгааргүй нисэх” бодлого төслийг танилцууллаа.
Энэ бодлогын хүрээнд "Эрүүл эрх зүй”, "Чөлөөт агаарын зай”, "Хөх тэнгэр”, "Дэлхийн хүн”, "Дүүлэн нис”, "Сэтгэл татам нисэх буудал” зэрэг олон ажил төлөвлөжээ. "Хил хязгааргүй нисэх” бодлого хэрэгжсэнээр агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн чиглэл, өрсөлдөөн нэмэгдэн, үнэ буурна гэж үзэж байгаа аж. Мөн олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, нисэх буудлын зэрэглэлийг дээшлүүлэхээс гадна худалдаа эдийн засгийн чөлөөт бүс, карго, ложистикийн төв байгуулан, агаарын навигацийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх олон давуу талтай аж.
Хурлаар аялал жуулчлалыг дэмжих, агаарын замын олон улсын боомтын тоог нэмэх талаар хэлэлцэж, санал солилцлоо. "МИАТ” ТӨХК аялал жуулчлалын ид, дунд, бага үед баримтлах тийзний хөнгөлөлтийн талаар танилцуулав. Ингэхдээ цар тахлаас өмнөх үнэ, энэ онд баримтлах үнийн бодлогын харьцуулсан дүгнэлтийг сонирхуулжээ.
Түүнчлэн, танилцуулгатай холбоотой хэлэлцүүлэг хийж, зөвлөлийн дараагийн хийх ажил, зөвлөлдөх сэдвийн тухай саналаа хуваалцав. Мөн хамтарсан зөвлөлийн гишүүдийг нэмэх, үйл ажиллагааг эрчимжүүлэн улирал тутам хуралдах, жуулчлалын компаниудын энэ зуны оргил ачааллын үеийн төлөвлөгөө гаргах, агаарын замын олон улсын боомтын тоог нэмэх, аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг дэмжихэд хэд хэдэн ажлыг нэн тэргүүнд зохион байгуулахаар болжээ.
Тус зөвлөлд ЗТХЯ, БОАЖЯ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, "Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ, Иргэний Нисэхийн Үндэсний Төв, МИАТ, Монголын аялал жуулчлалын холбоо, "Хүннү Эйр” ХХК, "Дисковер Монголиа”, "Изинис Эйрвэйз” ХХК, "Аэро Монголиа” ХХК, МҮХАҮТ, "Летс Трэвел” ХХК зэрэг агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшилийн байгууллага нэгдсэн юм.