Индонезийн эрх баригчид хоёрдугаар сарын 5-нээс эхлэн БНХАУ-тай зорчигч тээврийн харилцаагаа бүрэн зогсоосноос гадна Хятадын иргэдэд виз олгохоо зогсоов. Иймэрхүү алхам нь хоёр улсын харилцаанд нөлөөлнө хэмээн БНХАУ-ын эрх баригчдын анхааруулсныг үл харгалзан ийм шийдвэр гаргасан тухай Индонезийн Тээврийн сайд Буди Кариа мэдэгджээ.
"Бусад улсын хэдийнээ хэрэгжүүлээд байгаа зүйлийг бид одоо хийж байна. Эрх баригчид энэ асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэхүү хориг нь зөвхөн зорчигч тээврийн нисэх онгоцонд хамааралтай бөгөөд ачаа, тээврийн нисэх онгоцууд нислэг үйлдсэн хэвээр байх болно” хэмээн тэрбээр ярьсан байна.
Жил бүр БНХАУ-аас 2 сая орчим жуулчин Индонезийг зорьдог учир аялал жуулчлалын салбар ихээхэн алдагдал хүлээнэ гэдгийг тус улсын Аялал жуулчлалын сайд Вишнутама Кусубандио хүлээн зөвшөөрчээ. Үүнээс гадна Хятад нь Индонезийн хувьд томоохон худалдааны түнш юм.