Монголын Бизнесийн зөвлөлийн ээлжит уулзалт "Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр болов. Уулзалт "Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв ба гадаад хүчин зүйлс” сэдвээр болж, зөвлөлийн гишүүн бизнес эрхлэгч нарт эдийн засагчид болон мэргэжлийн судлаач нар гадаад, дотоодын эдийн засгийн байдлын талаар мэдээлж хэлэлцлээ.
Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд эдийн засаг, санхүүгийн талаар сайтар дүн шинжилж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах учиртайг Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт хэлж, энд гадаад хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан үзэх нь чухал юм гэдгийг онцлов. Тиймээс бизнес эрхлэгч нарт цаашид үйл ажиллагаандаа нөхцөл байдлыг хэрхэн тусгах чиглэлээр мэдээлэл өгөхийг зорьж байна хэмээн тодотгов.
Уулзалтын эхний хэлэлцүүлэг эдийн засаг банк, санхүүгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв хөрөнгө оруулалтын талаар болж, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Стратеги судалгааны төвийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөрөнгө оруулалтын тэргүүн банкир Э.Амарбаясгалан, МУИС-ийн профессор Б.Отгонтөгс нар оролцов.
Уулзалт, хэлэлцүүлгээр мөн ковидын нөхцөл байдлын нөлөөлөл, олон улсад төлөвлөж буй үйл ажиллагаа, дэлхийн өнөөгийн улс төр, геополитикийн нөхцөл байдал, гадаад хүчин зүйлийн талаар оролцогч нар санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр Стратеги судалгааны төвийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр Орос, Украйны дайнаас үүдэлтэйгээр ОХУ-ын нийгэм-эдийн засгийн амьдрал болон олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн талаар танилцууллаа.
Тэрээр, барууны орнуудаас ОХУ-ын эсрэг авч буй эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээ болон олон улсын санхүүгийн агентлагууд ОХУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулаад буйг мэдээллээ. Тэрээр, нефть бүтээгдэхүүний 96 хувийг ОХУ-аас авдаг манай улсын хувьд шатахууны хилийн төлбөр тооцооны нөхцөл хүндрэл гарч магадгүй гэсэн таамгыг хэлж байв.
Монголын Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүдийн уулзалтыг Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт удирдан танхимаар болон цахимаар зохион байгуулж, 80 гаруй хүн оролцлоо. Монголын Бизнесийн зөвлөл нь Монгол Улсад худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг, сар бүр бизнес эрхлэгчид, төр засгийн төлөөллүүд оролцуулсан уулзалт зохион байгуулдаг уламжлалтай юм.