ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр "Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг утгах нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээг Оросын түүхийн нийгэмлэг, "Эх орны түүх" сан, Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй юм. Энэ сэдвээр мөн түүхэн, баримтат үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр нээнэ.
Оросын талаас бага хуралд Улсын Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын түүхийн нийгэмлэгийн Санкт-Петербург дахь салбарын удирдах зөвлөлийн дарга Михаил Пиотровский, Оросын ШУА -ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал Ирина Попова, Дорнын улсын музейн орлогч захирал, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн тэргүүлэх судлаач, "Эх орны түүх” сангийн удирдах зөвлөлийн гишүүн Илья Зайцев, ОХУ-ын Төрийн архивын шинжлэх ухааны захирал, Оросын түүхийн нийгэмлэгийн зөвлөлийн гишүүн Сергей Мироненко, Оросын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн захирал, Оросын түүхийн нийгэмлэгийн зөвлөлийн гишүүн Ефим Пивовар болон бусад хүмүүс оролцоно.
Харин Монголын талаас ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, мөн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монгол Улсын Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн, Архивын ерөнхий газар, Улаанбаатар-Эрдэм их сургуулийн төлөөлөгчид оролцоно.
Хэлэлцүүлэгт оролцогчид "ЗСБНХОУ-ын Засгийн газар, Монголын Ардын Засгийн газар хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээ" (1921 оны 11 дүгээр сарын 5) байгуулагдсан түүхийн янз бүрийн талыг шинжилж, үнэлэх аж. Мөн Орос-Монголын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцана.
"Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Орос, Монголын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, тогтвортой байдал, аюулгүй байдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх шаардлагатай байгаа энэ үед эрдэм шинжилгээний хурлын сэдэв нь чухал ач холбогдолтой юм” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяков онцлон тэмдэглэв.