Банкны салбарын үзүүлэлт 2021 онд харьцангуй тогтвортой, өсөлттэй байж, салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж, ДНБ-ий хэмжээнд ойртжээ.
IPO хийхээр төлөвлөж буй системийн 5 том банк өнгөрсөн онд санхүүгийн үзүүлэлт, чанар нь сайжирч, зээл, эх үүсвэр болон өөрийнх нь хөрөнгө өсөлттэй гарсныг Монголын банкны холбооноос мэдээлсэн юм.
Өнгөрсөн онд "10 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд репо санхүүжилт, ажлын байрыг дэмжих 3 хувийн хөнгөлөлттэй зээл, ипотекийн зээл олголттой холбоотой зээл 21 хувиар нэмэгджээ.
Банкууд өөрсдийн санхүүжилтээр ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь эдийн засагт дэм болж байгаа. Мөн зээлийн хүүг багасгах бодлого хэрэгжүүлснээр хүү түүхэн доод түвшинд буюу сарын 1.19 хувьд хүрсэн нь зорилтот түвшинд ойртож байна. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө, хөрш орны хил гаалийн хязгаарлалт зэргээс үүдэн инфляцийн түвшин өндөр байгаа тул эрсдэл их бийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар онцоллоо.
"Энэ онд эдийн засаг сэргэхээр байгаа ч цар тахлын улмаас гадаад худалдаанд үүссэн гацаа, ОХУ, Украины байдлаас үүдэлтэй хориг арга хэмжээ зэрэг нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Энэ нь өмнө олгосон зээлийн эргэн төлөлт муудах гэхчлэн санхүүгийн секторт сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс эдийн засагт үүсээд буй хүндрэлийг бодлогын түвшинд шийдэх, тохируулга хийх нь үүсэж болзошгүй эрсдэлийг багасгах ач холбогдолтой"-г Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэвлэлийн хурлын үеэр дурдсан юм.