"Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын галт бамбарыг БНХАУ-ын нийслэл Бээжин хот, Яньчин дүүрэг, Жанчхүү хотод гуравдугаар сарын 2-4-ны өдрүүдэд 565 хүн буухиална гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос мягмар гарагт мэдээлжээ.
Бээжингийн паралимпын галыг даваа гарагт паралимпын өлгий нутаг болох Английн Сток-Мандевилл тосгонд асаасан бөгөөд Бээжин, Жанчхүү дэх найман байршилд мөн галын дөлийг цуглуулна. Энэхүү ажиллагаанд тус бүр 20 хүн оролцож, лхагва гаргийн үдэд "Диваажингийн сүм”-д есөн галыг цуглуулах ажээ.
Пүрэв гаргийн өглөө бамбарын буухиа Жанчхүү хотын дөрвөн байршилд, үдэд Бээжин хотын хоёр байршилд болно. Үүнд Олимпын ойн өмнөд цэцэрлэгт хүрээлэнд Олон улсын паралимпын хорооны /ОУПХ/ 20 гаруй гишүүн бамбарыг буухиалах ажиллагаа багтана. Мөн баасан гарагт бамбарын буухиа "Бээжин-2022” наадмыг зохион байгуулах хорооны төв байр тэргүүтэй гурван байршилд үргэлжилнэ.
"Бээжин-2022” наадмыг зохион байгуулах хорооны Хүний нөөцийн хэлтсийн дарга Янь Чэний мэдээлснээр, галт бамбарыг буухиалах 565 хүнийг Олон улсын олимпын хороо, "Бээжин-2022” наадмыг зохион байгуулах хороо, Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо сонгосон бөгөөд тэдний 21 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлж байгаа нь ОУПХ-ны шаардлагаас /15 хувь/ өндөр байгаа ажээ.
Буухианы үеэр хөгжлийн бэрхшээлтэй зарим хүмүүс роботын тусламжтайгаар бамбарыг дамжуулна. Энэ нь "технологи хүмүүсийн амьдралыг өөрчилж, боломжгүйг боломжтой болгодог” гэсэн ойлголтыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүргэх зорилготойгоос гадна Бээжингийн өвлийн паралимпын наадмын галт бамбарыг буухиалах үзэл баримтлалтай ч мөн нийцэж байгаа гэж тус наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сю Жижунь хэлжээ.