Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн даваа гарагт болсон ээлжит бус хурлаар Монгол Улсын эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэл, тодорхой бус байдлын талаар хэлэлцэв.
Мөн макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд дараах чиглэлээр бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид:
Нэг. Эдийн засгийн гадаад орчинд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан олон улсын төлбөр тооцооны тасралтгүй үйл ажиллагааг хангах.
Хоёр. "Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмж, худалдааны эргэлтийг сайжруулахад чиглэсэн боомтын өргөтгөл шинэчлэлт, бүтээн байгуулалтыг яаралтай дуусгах, БНХАУ-ын талтай харилцан тохиролцож, хилийн боомтын төлөвлөлт зохион байгуулалтыг нягт уялдуулан үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх.
Гурав. Хил орчмын бүс нутагт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хил нэвтрүүлэх зохион байгуулалтыг сайжруулах, экспортын тээвэрт хүний оролцоог бууруулсан чингэлэгт тээврийн терминал, ухаалаг тээврийн хэрэгслийг (AGV) нэвтрүүлэхийг шуурхайлж, экспортыг нэмэх.
Дөрөв. Замын-Үүд, Булган, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, импортын бараа тээвэрлэлтийн шинэ замыг судалж, ашиглах замаар импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэх, тээвэрлэлтийн өртөг зардлыг багасгах.
Тав. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдсэн инфляцыг УИХ-аас баталсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд Төв банкны дунд хугацааны зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
Зургаа. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн суурь зардал, хэрэглээний үнийн дарамтыг багасгаж, иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд эрчим хүч, цахилгаан дулаан, сайжруулсан түлш, цэвэр бохир ус, сургалтын төлбөр зэрэг төрийн зохицуулалттай үнэ, бензин шатахууны үнийн тогтвортой байдлыг хангах.
Долоо. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаад төлбөрийн чадварыг дэмжиж, валютын нөөцийг нэмэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн зохицуулалтыг уялдуулан хэрэгжүүлэх гэжээ.