БНХАУ дөрвөн жилийн өмнө "Пёнчан-2018” наадмаас өвлийн паралимпын анхны медалиа хүртэж байсан түүхтэй. Харин одоо "Бээжин-2022” наадмаас 27 медаль, түүний дунд найман алтан медаль авсан амжилтаар медалийн чансааг мягмар гаргийн байдлаар тэргүүлж байна.
"Бээжин-2022” наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ян Шуань энэхүү өндөр ахиц дэвшлийн шалтгааныг хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлажээ.
"Өмнөх паралимпын наадамд Хятад улс маш цөөн тэмцээнд оролцож байсан бол энэ жил Хятадын тамирчид бүх төрөлд хүчээ сорьж байна. Ийнхүү ахиц дэвшил гарч байгаагийн гол шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын уйгагүй хүчин чармайлт, тэдний нийгмийн амьдралд оролцох гэсэн чин хүсэл эрмэлзэл юм. Үүний сацуу Хятадын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг үргэлж дэмжиж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөлбөрүүд нь пара спорт тэргүүтэй салбарт цогц хөгжил дэвшлийг харуулж байна” гэж тэрбээр ярьжээ.
"Бээжин хот 2022 оны өвлийн олимп, паралимпын наадмыг зохион байгуулах эрхийг авснаас хойших сүүлийн долоон жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өвлийн спортоор идэвхтэй хичээллэж ирсэн. Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилтэй зэрэгцэн пара спортын салбарт үзүүлэх дэмжлэг тусламж нэмэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд өөрсдийн сайн сайхны төлөө үргэлж хичээн зүтгэсээр ирсэн бөгөөд эдгээр хүчин зүйлсийн үр дүн ийнхүү харагдаж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Я.Шуань өвлийн паралимпын наадам нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэзээ ч бууж өгөхгүй гэдгийг, мөн аливаа бэрхшээлийг даван туулах хүсэл эрмэлзлэлийг нь илэрхийлэх индэр болж байгаад бид баяртай байна гэв. Олон улсын паралимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч Крейг Спенс ч мөн түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
"Бээжин-2022" өвлийн паралимпын наадмын зургаа дахь өдрийн байдлаар медалийн чансааг Хятадын баг тамирчид 10 алт, есөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Украин улсын хувьд зургаан алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бол зургаан алт, хоёр алт, долоон хүрэл медаль хүртсэн Канадын баг тамирчид гуравдугаарт жагсаж байна.