Украины "Kalush Orchestra” хамтлаг энэ оны "Eurovision” дууны тэмцээнд түрүүлжээ. Дайнд нэрвэгдээд буй улс орныхоо хилээр тусгай зөвшөөрөлтэйгээр давсан тус хамтлаг 631 оноогоор тэргүүн байрт шалгарсан байна.
Италийн Турин хотноо зохион байгуулагдсан тэмцээний үеэр үзүүлсэн үзүүлбэрийнхээ төгсгөлд тэд "Украинд, Мариупольд, Азовстальд яг одоо туслаач” хэмээн уриалжээ.
Энэхүү тэмцээн нь Оросын довтолгооноос хойш украинчуудын оролцсон анхны томоохон соёл урлагийн үйл ажиллагаа болсон бөгөөд тэмцээний үеэр олон үзэгч Украины хөх, шар өнгийн тугийг намируулж байжээ.
"Eurovision-2022” тэмцээний ялагчийг зарласан даруйд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Instagram” хуудсаараа дамжуулан "Kalush Orchestra” хамтлагт баяр хүргэсэн байна.
Энэ удаагийн тэмцээний хоёрдугаар байрт Их Британийн дуучин Сэм Райдер шалгарсан нь тус улсын хувьд 1998 оноос хойш үзүүлсэн хамгийн өндөр амжилт болжээ. Ийнхүү эхний таван байрт Украин, Их Британи, Испани, Швед, Сербийн уран бүтээлчид шалгарчээ.