Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эцсийн шатанд шалгарсан Монголын шигшээ В хэсгийн сүүлийн тоглолтоо дэлхийн чансааны 151 дүгээрт эрэмбэлэгдсэн Йемен улсын шигшээ багтай хийж 2:0-ээр хожлоо.
Энэ шатны сүүлийн тоглолтынхоо эхний хэсгийн 9 дэх минутад Европ тивд мэргэжлийн хөлбөмбөгчинөөр тоглодог Г.Ганбаяр оруулж багтаа тэргүүллийг авчирлаа. Уг гоолын дамжуулалтыг гоёмсог хаалтуудаараа хөгжөөн дэмжигчдийг татаж чадсан хаалгач Э.Мөнх-Эрдэнэ өгсөн гэдгийг дурдах нь зөв юм.
Нэгдүгээр үеийг тэргүүлж дуусгасан манай залуус шийдвэрлэх хагаст давамгайллаа улам бүр баталгаажуулж гоолын тоог 53 дахь минутад 2:0 болгов. Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш чөлөөт цохилтоос баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатарын толгойд дамжуулж, О.Оюунбаатар торгуулийн талбайд унагаж өгснийг Г.Ганбаяр найдвартай төгсгөж гоол хийсэн юм.
Үлдсэн хугацаанд шигшээ багийн залуус хамгаалалтдаа нягт байж энэ үр дүнгээ хамгаалж чадлаа. Энэ удаагийн түүхэн хожил нь Монголын шигшээ багийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны 3 дугаар шатанд байгуулсан анхны хожил төдийгүй хаалгаа хуурай манасан анхны тохиолдол болж байгаа юм байна.
Монголын шигшээ баг анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны эцсийн шатанд оролцож, гайхалтай тоглолтуудыг үзүүлж Дэлхийн чансааны 100-д багтдаг Палестин, 133-д эрэмбэлэгддэг Филиппины багуудад тэнцэхэд тун ойрхон байсан ч сүүлийн мөчид хожигдсон билээ.