Жо Байдены засаг захиргаа БНХАУ-д төвтэй таван компанийг ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг дэмжсэн гэх үндэслэлээр худалдааны хар жагсаалтад оруулсан байна.
Тодруулбал, тус улсын Худалдааны яам мягмар гарагт мэдээлэхдээ, ОХУ Украин руу довтолохоос өмнө эдгээр таван аж ахуйн нэгжүүд нь ОХУ-ын "анхаарал татсан” байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд дайн эхэлсний дараа ч үргэлжлүүлэн гэрээ хүлээн авсаар байсан гэжээ.
Мөн ОХУ, АНЭУ, Литва, Пакистан, Сингапур, Их Британи, Узбекистан, Вьетнам улсуудын 31 аж ахуйн нэгж уг жагсаалтад орсон талаар мэдээлжээ.
Дээрх 36 компанийн 25 нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байгаа юм.
Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-наас Бээжин ОХУ, Украинд цэргийн тусламж үзүүлээгүй болохыг онцлоод энэхүү үйлдэл нь олон улсын хууль, дүрмийг зөрчсөн үйлдэл тул шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.