Бутан улс эдийн засгаа сэргээх зорилгоор 9 дүгээр сарын 23-наас олон улсын жуулчдыг дахин хүлээн авна хэмээн тус улсын албаныхан пүрэв гарагт мэдэгдэв.
Тус улс сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд анх удаагаа гадаадын жуулчдад үүд хаалгаа нээж байгаа нь энэ юм.
Цар тахал дэгдэж эхлэх үеэс эхлэн тахлыг хязгаарлах зорилгоор тус улс хилээ хаах шийдвэр гаргасан.
Бутан улсын хүн амын тоо 800 мянгаас хэтрэхгүй бөгөөд тус улсад коронавирусний халдвар авсан нь батлагдсан нийт тохиолдлын тоо 60 мянга, нас барсан хүмүүсийн тоо 21-д хүрчээ.
Тус улсын хувьд аялал жуулчлал нь орлогын эх үүсвэр байдаг ба хоёр жил гаруйн хугацаанд хилээ хаасан нь олон хүнийг ядууралд хүргэсэн байна.
Ирэх 9 дүгээр сарын 23-наас эхлэн Бутан улсад ирсэн аялагчид нэг хоногийн 200 ам.долларын хураамж төлнө. Сүүлийн 30 жилийн хугацаанд энэ хураамж нэг хоногийн 65 ам.доллар байсан ч ийнхүү огцом нэмжээ.
Бутан улс 1974 онд 300 жуулчин хүлээн авснаас хойш жуулчдад нээлттэй болсон. Албан ёсны тоо баримтаар 2019 онд тус улсад нийт 315 мянга 600 жуулчин зочилж байсан.