Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг шийдвэрлэжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалаа.
ББСБ-ууд энэ оны эхний хагас жилд зөвхөн аппликэйшнээр олгосон 1,159,569 зээлдэгчийн 320 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь нийт зээлдэгчийн 76.4 хувь, нийт зээлийн үлдэгдлийн 12.8 хувийг бүрдүүлжээ.
Финтекээр нэг зээлдэгчид дунджаар 275 мянган төгрөгийн зээл олгосон нь уламжлалт зээлийн дунджаас 22 дахин бага байна. Энэ нь финтекээр олгож байгаа зээлийн хүртээмж өндөр байгааг харуулав.
Финтек ББСБ-ууд богино хугацаатай, бага дүнтэй зээлийн зах зээлд голчлон үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зах зээлд зохицуулалтын орчныг чангаруулах нь тухайн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсгэх нөлөөтэй ч өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоож, амьжиргааны наад захын хэрэгцээг хангах орлогыг зээлдэгчид үлдээх шаардлагыг тавилаа. Энэ нь зээлдэгчийг өрийн дарамтад оруулахаас урьдчилан сэргийлжээ.