УИХ-ын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ сарын 7-нд "Отгонтэнгэр” их сургуульд боллоо.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой энэхүү мэтгэлцээнд нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 126 багийн 378 сурагч материал ирүүлснээс шилдэг 48 багийн 144 хүүхэд өрсөлдөж байна. Баг тус бүр гурван гишүүнтэй ба Архангай, Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас тус бүр нэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тус бүр хоёр, Дорноговь аймгаас гурав, Орхон аймгаас дөрөв, нийслэлээс 34 баг оролцож буй.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн нийт 20 орчим шийдлээр мэтгэлцэх ба оролцогчид нийгэмд өрнөдөг асуудлыг Үндсэн хуультай уялдуулан шийдлийг боловсруулах зарчмаар явагдаж, тойргийн тоглолтоор гурван өдөр өрсөлдөж, шилдэг гурван багийг өнөөдөр тодруулна.