Дундговь аймгийн ЗДТГ-ын "Говь” танхимд "Баримтын үнэ цэн-Өв соёл” архивын түүхэн баримтын үзэсгэлэнг анх удаа гаргаж, түүхэн ач холбогдолтой, үнэ цэнтэй баримтуудыг дэлгэн үзүүллээ.
Тус үйл ажиллагааг 67 жилийн түүхтэй аймгийн Архивын тасаг, аймгийн ЗДТГ, Музей хамтран зохион байгуулсан ба энэ нь Архивын тасгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, архивын баримтын үнэ цэнийг нэмэгдүүлэх, түүхэн өв соёлыг хадгалж үлдэх зорилготой юм.
Өнөөдөр аймгийн төрийн архивын сан хөмрөгт 111 сум, байгууллагын 34,600 гаруй нэгж баримт хадгалагдаж буй. Эдгээр баримтууд нь 1922 оны "Сумын жас, феодол баячуудыг ялгаварласан бүртгэл” баримтаас эхэлдэг ба монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан түүх, эрдэм шинжилгээ, нийгэм улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой цаасан суурьтай ажээ.
Тус үзэсгэлэнд хосгүй үнэт баримт, түүхийн баримт, зураг төслийн баримт, улс төр олон нийтийн нам байгууллагуудын баримт, кино, гэрэл зургийн баримт, баримтат кино, хувийн баримт, сонин сэтгүүлийн дээжис зэрэг 300 гаруй сонирхолтой баримтыг дэлгэсэн байна.