Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг ажиллахдаа тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг дэмжлээ.
Сэлэнгэ аймаг нь үр тарианы 42 хувь, төмсний 18 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг гэдгээрээ онцлогтой аймаг.
Засгийн Газрын тэргүүн Сэлэнгэ аймагт ажиллахдаа тус аймгийн Зүүнбүрэн сумын "Гэгээлэг трейд”, Цагааннуур сумын "Атар трейд” ХХК-ийн ургацын талбайгаар зочилж, ургац хураалтын үйл явц, тариаланчдын ажил үйлстэй танилцаад тэдний төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон юм.
Тариаланчдын тухайд "Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдож буй газар тариаланг дэмжих 6 хувийн хөнгөлөлттэй зээл, хөрсний үржил шимээ хадгалж хэрэглэсэн бордооны 30 хүртэл хувийн хөнгөлөлтийг аж ахуй нэгжүүдэд олгож байгаа нь бодит дэмжлэг болж байгаад талархал илэрхийлж байв.
Мөн тариалангийн талбайд мал оруулахгүй хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах асуудал дээр онцгой анхаарч өгөх хүсэлтийг хүлээж авсан юм.