Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Агаараас эрэн хайх аврах 111 анги байгуулагдсанаас хойш аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар 237 цаг 30 минутын нислэг үйлджээ. Ослын улмаас бэртэж гэмтсэн, эрүүл мэндийн хүнд заалттай, газраар тээвэрлэх боломжгүй, амь насаа алдах эрсдэлд орсон 120 гаруй хүний амь нас, аюулгүй байдлыг ханган, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгт шуурхай хүргэж, амь насыг нь авран хамгаалжээ.
ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг жил гаруйн өмнө байгуулж, өнгөрсөн баасан гарагт албан ёсоор нээлээ. Нээлтийн үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Засгийн газраас ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд анхаарч, хэд хэдэн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний нэг нь БНФУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй "Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл” юм. Төсөл хэрэгжүүлснээр хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Цаашид гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлэх чиглэлээр анхаарч, Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийг орчин үеийн, бие даасан мэргэжлийн аврах анги болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ” гэлээ.
Харин Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн "Бид төсөл, техник, сургалт, чадамж яриад байгаа мэт ч үүний ард юугаар ч үнэлэшгүй хүний амь нас бий. Тиймээс Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа Онцгой байдлын байгууллагад маш чухал юм. Францаас ирж мэдлэг, туршлагаас гадна хүний мөн чанараасаа хуваалцаж байгаа мэргэжилтнүүддээ баярлалаа” хэмээв.
Төсөл хэрэгжүүлснээр Монголд евро стандартын шаардлага хангасан нислэгийн болон аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, иж бүрэн дэд бүтэц бүхий ангар, эрэн хайх, аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зориулалтаар иж бүрэн тоноглосон нисдэг тэргүүдийг нийлүүлж, Монгол залуусыг нисэгч, инженер, техникийн ажилтнаар сурган дадлагажуулж үндэсний боловсон хүчнийг бэлтгэж байгаа юм. Тухайлбал, төслийн хүрээнд нисдэг тэрэгний 12 нисгэгч бэлтгэхээс 8 анхлан сурагч, туршлагатай 4 нисгэгч бэлтгэж, үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нисгэгч тус бүр 68 цагийн нислэг үйлдээд байгааг ОБЕГ-аас мэдээллээ.