Бээжинтэй худалдааны томоохон дайн дэгдэхэд хүргэж болзошгүй гэж Германы засгийн газар анхааруулж байгаа хэдий ч Европын Холбооны /ЕХ/ удирдлагууд Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинуудад нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа тухай Их Британийн "Файнэншл Таймс” сонинд эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Европын Комисс ирэх сараас эхлэн Хятадаас импортолж буй цахилгаан тээврийн хэрэгслүүдэд 25 хүртэлх хувийн нэмэлт татвар ногдуулна гэдгээ автомашин үйлдвэрлэгчдэд өнөөдөр мэдэгдэх ажээ.
Франц, Испани улсууд энэ алхмыг дэмжиж байгаа бол Герман, Швед, Унгар улсууд Хятадын тал хариу арга хэмжээ авахаас болгоомжилж, зөвшөөрөхгүй байгаа аж. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Германы засгийн газар энэ шийдвэрээс татгалзуулахын тулд идэвхтэй лобби хийсэн боловч "бүтээгүй" байна.
Европын "Политико” сонинд мэдээлснээр, Хятадын эрх баригчид тавдугаар сарын сүүлчээр Европын Комиссын дэд тэргүүн Валдис Домбровскист захидал илгээж, хэрэв ЕХ Хятадын бараа бүтээгдэхүүний тарифыг нэмэгдүүлэн, Бээжингийн эсрэг худалдааны дайн эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол хариу арга хэмжээг авна гэдгийг анхааруулжээ.