Хятадын харилцаа холбооны "Huawei” корпорац Европын Холбооны /ЕХ/ орнуудад нэвтрүүлэх тав дахь үеийн (5G) хөдөлгөөнт холбооны системийг дэмжих тоног төхөөрөмжүүдийг бүтээх үйлдвэрлэлийн хэд хэдэн төвийг Европт нээхээр төлөвлөжээ. Энэ тухай Европ дахь үйлдвэрлэлийг хариуцсан "Huawei”- н дэд захирал Абрахам Лю мэдэгдсэн байна.
"France-Presse” агентлагийн мэдээлснээр, ийм төвүүдийг барьж байгуулснаар Европт 5G сүлжээ байгуулахад "Huawei”-г оролцуулахыг хязгаарласан хатуу арга хэмжээнээс ЕХ-ны орнуудыг татгалзахад тусална гэж тус компанийнхан найдаж байгаа аж. Ялангуяа Герман улсын дэмжлэгийг авна гэж найдаж байна. Германы Канцлер Ангела Меркель 5G сүлжээ нэвтрүүлэх асуудалд "Huawei” компанийг зарчмын хувьд хасахыг эсэргүүцэж байгаагаа урьд нь илэрхийлжээ.
ЕХ-ны орнуудад 5G сүлжээ нэвтрүүлэх замын зургийг Европын комисс нэгдүгээр сарын 29-нд танилцуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын зарчмуудыг удирдлага болгон энэхүү системийг байгуулахад гадаадын компаниудыг оролцуулахыг хязгаарлана гэж уг баримт бичигт дурджээ.