Норвегийн уул уурхайн "Rare Earths Norway” компани Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг илрүүлсэн гэдгээ мэдэгджээ.
Европ тивийн газрын ховор элементийн хамгийн том ордыг нээсэн нь европчуудын хувьд ховор элементийн зах зээл дэх Хятадын ноёрхлыг зогсооход түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Ирэх жилүүдэд цэвэр эрчим хүч рүү эрчимтэй шилжих тул газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын эрэлт эрс өсөх төлөвтэй байгаа юм.
Норвегийн зүүн өмнөд хэсэгт орших Фен карбонатитын цогцолбор нь газрын ховор элементийн ислийн нийт 8.8 сая тонн нөөцтэй гэж "Rare Earths Norway” компанийн энэ сарын 6-нд хийсэн мэдэгдэлд дурджээ. Энэхүү нээлт нь өнгөрсөн онд хөрш Шведэд илрүүлсэн газрын ховор элементийн асар том ордын сүрийг дарлаа.
"Rare Earths Norway” компанийн гүйцэтгэх захирал Альф Рейстад CNBC телевизэд мэдээлэхдээ, Фен дэх нээлт нь компанийн хувьд "томоохон үйл явдал” боллоо гэжээ. "Өнөөдөр Европт газрын ховор элементийг огт олборлохгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй” гэж А.Рейстад даваа гарагт цахим хурлын үеэр хэлсэн байна.
Европын Холбооны /ЕХ/ Чухал түүхий эдийн тухай хуулийн нэг зорилго бол 2030 он гэхэд ЕХ-ны газрын ховор элементийн жилийн хэрэгцээний 10-аас доошгүй хувийг олборлох явдал бөгөөд манай компани энэ зорилгод хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэж "Rare Earths Norway” мэдэгджээ.
Осло хотоос баруун өмнө зүгт 210 км-ийн зайд орших Телемарк тойрог дахь газрын ховор элементийн орд нь Норвег улсыг Европын ховор элемент, чухал түүхий эдийн сүлжээний салшгүй хэсэг болгоно гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.