Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа өчигдөр буюу Ням гарагт мэдэгджээ.
Уг вирусийн халдвартай хүний тоо дэлхий дахинд 2,000 гаруй болж, Хятадад 56 хүн амиа алдаад байна.
"Хятадын засгийн газартай тохиролцсоны дараа тусгай үүргийн нисэх онгоцоор хүсэлт гаргасан иргэн бүрийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна” гэж Абэ сэтгүүлчдэд мэдэгджээ.
Сүүлийн байдлаар Ухань хотод Японы 710 иргэн байгаа юм байна. Тэдгээрийн 430 орчимтой холбоо барьж, Ухань хотоос явах хүсэлтэй байгаа эсэхийг нь тодруулаад байгаа гэнэ.
Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажилд туслахыг Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярихдаа хүссэн тухай өчигдөр бас мэдээлжээ.
Одоогийн байдлаар АНУ, Өмнөд Солонгос тэргүүтэй улсууд Ухань хотоос иргэдээ шилжүүлж авахаар Хятадын засгийн газартай ярилцаж байгаа юм.
Японы эрүүл мэндийн яам тус улсад коронавирусийн дөрөв дэх халдвар бүртгэгдсэнийг Ням гарагт зарласан байна.
Эх сурвалж: Kyodo News