Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас бага ангийн 52, дунд ангийн 27 хичээлийг казах, тува хэлэнд орчуулж, орон нутгийн телевизүүдээр дамжуулан сурагчдад зааж байна.
"Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбогдуулан Боловсролын хүрээлэнгээс өгсөн чиглэлийн дагуу бага, дунд ангийн /6, 7 дугаар анги/ математик, физик, газар зүй, хими, биологи, дүрслэх урлаг зэрэг 10 хичээлийг теле хичээл хэлбэрээр казах, тува хэлэнд орчуулан хүүхдүүдэд хүргэж байна. Дээр дурдсан хичээлүүдээс гадна монгол хэлний 12 цаг, казах хэлний 18 цаг, тува хэлний 18 цаг, нийтдээ 48 цагийн хичээлийг тусгайлан бэлтгэж байгаа. Теле хичээл бэлтгэх, орчуулахад аймгийн БСУГ-ын бүх мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш нараас нийтдээ 65 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа" хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Аяужан хэлэв.
Теле хичээлийг орон нутгийн Дербес, Саян телевиз болон МҮОНРТ-ээр өдрийн хоёр удаагийн давтамжтайгаар гаргаж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.