Хонконгийн эрдэмтэд нэг шинжилгээгээр шувууны томуу, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын олон өвчнийг хурдан, үр дүнтэй оношилдог систем боловсруулжээ. Уг систем нь нэг цагийн дотор 30-40 төрлийн эмгэг төрүүлэгчийг оношлох боломжтой гэж "Standard” сонинд бичсэн байна.
Уг систем нь ижил төстэй шинж тэмдэгтэй өвчнийг оношлох хугацааг багасгахад эмч нарт тусална гэж үзэж байна. Жишээлбэл, шинэ төрлийн коронавирус болон амьсгалын замын зарим өвчин маш төстэй шинж тэмдгээр илэрдэг ажээ. Улсын эмнэлгүүдэд одоо ашиглаж байгаа тестүүд нь нэгээс гурван төрлийн эмгэг төрүүлэгчийг нэг дор илрүүлж чаддаг байна. Үүний зэрэгцээ Хонконгийн политехникийн их сургуулийн мэргэжилтнүүд болон Хонконгийн их сургуулийн микробиологичдын хамтран бүтээсэн шинэ систем нь хамаагүй үр дүнтэй, хямд гэнэ.
Хонконгийн эрдэмтэд шинэ системээ хэдийн туршсан бөгөөд цаашид улам сайжруулж, 80 хүртэлх тооны эмгэг төрүүлэгч оношилдог болгохоор төлөвлөжээ.