БНХАУ-ын Ухань хотоос энэ сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн 31 оюутнаас дахин шинжилгээ авч шинэ коронавирусний халдвар илрээгүй учир ХӨСҮТ-ээс маргааш гаргахаар болжээ.
Энэ талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, "Ухань хотоос ирсэн 31 оюутны 14 хоног тусгаарлах хугацаа гүйцсэн тул эмч нар зөвлөлдөөд маргааш ХӨСҮТ-өөс гаргахаар боллоо. Дорнод аймагт 1, ХӨСҮТ-д 2, Баян-Өлгий аймагт 1 иргэнийг энэ сарын 12-ны өдөр тусгаарласан байсан. Тэднээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 8, Архангай аймагт 1 хүнийг тусгаарлаад байна. Мөн Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотод сурдаг 6 оюутныг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байна” гэв.
"Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар улсын хэмжээнд БНХАУ-тай хиллэж байгаа авто зам, төмөр зам, агаарын замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа” хэмээн ХХЕГ-ын газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж мэдээллээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, "БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь авчрах үүргийг ГХЯ-нд өгсөн. Өнөөдрийн бүртгэлээр 400 орчим монгол иргэн урд хөршид байна. Энэ хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна. Одоо Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэнийг авч ирэхээр ажиллаж байна” гэсэн юм.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, "БНХАУ-аас хүнсний бүтээгдэхүүн экспортлох ажиллагаа хэвийн явагдаж байна. Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас шувууны мах, махан бүтээгдэхүүнд түр хязгаарлалт хийгээд байна. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй. Зөвхөн тахиа, гахайн мах, өндөг экспортлохыг хориглосон” хэмээв.