Ажил хөдөлмөр эрхлэх болон хувийн, сургалтын, аялал жуулчлалын зорилгоор ОХУ-ыг зорих БНХАУ-ын иргэдийн эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.
"2020 оны 2 дугаар сарын 20-ны орон нутгийн цагаар 00:00 цагт БНХАУ-ын иргэдийн хөдөлмөр эрхлэх, хувийн болон сургалтын, аялал жуулчлалын зорилгоор ОХУ-ын хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн БНХАУ-ын иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор ОХУ-д нэвтрэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, урилга хүлээн авах үйл явцыг түр хугацаанд зогсоож байгаа аж. Зохих захирамжид ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ. Энэ хязгаарлалт нь дамжин өнгөрч буй зорчигчдод хамааралгүй аж.
Montsame.mn