Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар ээлжит мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүрьеэ, гэдэсний халдварт өвчний халдвар буурч, эмнэлгийн орны ачаалал хоёр хувиар буурсан байна. Энэ нь амны хаалт зүүж, гараа тогтмол угаасны үр дүн.
Тиймээс олон нийтийн газраар явахдаа амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших нь амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалалт болдог." гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: "Өчигдрийн мэдээллээс хойш АНУ-д дахин дөрвөн хүн нас барж, нийт зургаан хүн нас барлаа. Нас барсан дөрвөн хүн нь өндөр настай болон хорт хавдартай архаг хууч өвчтэй хүмүүсийг асардаг асрамжийн газарт байсан байна. Тэдгээр иргэдэд тусламж үзүүлсэн 25 алба хаагчийг тусгаарлаад байгааг мэдээлсэн.
Европ тивийн хувьд Итали, Герман, Франц улсуудад халдварын тоо нэмэгдэж, халдвар голомтлон гарч буй хотуудад сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Ази тивийн хувьд Сингапурт хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэтхэгт лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо тав болж, халдвар гарсан 12 улсаас ирж байгаа зорчигчдыг эрүүл мэндийн нэмэлт үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар мэдээлсэн" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Нэгдүээр сарын 09-нөөс эхлэн өнөөдрийu хүртэл 812 хүнийг ажиглалтад авснаас өнөөдөр 435 хүн тусгаарлан ажиглаж байна. Бэлдсэн орны ачаалал 50 орчим хувьтай. Өнөө өглөө буусан Турк-УБ, Москва-УБ-ын онгоцоор 112 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байна.
Япон, Солонгосоос манай улсад ирж байгаа иргэдийг онгоцонд суухаас өмнө халууныг хэмжиж, ямар нэг сэжигтэй тохиолдол илэрвэл онгоцонд суулгахгүй байх арга хэмжээ аваач гэсэн хүсэлтийг эдгээр улсад тавьж байгаа." гэсэн юм.
Erennews.mn