Дэлхийн 100 гаруй оронд тархаад байсан коронавирус Монголд ороод ирчихлээ. Уг нь Азийн улс орнуудаас ганцаараа торойж үлдээд, тэсээд байсан юм. Ерөнхийлөгчөө хүртэл тусгаарлачхаад францын сэжигтэй иргэнийг тусгаарлалгүй, зөвлөмж өгөөд алдчихав.
Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн "Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн 57 настай Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байна.
Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор иргэд томоохон хүнсний болон бөөний төвүүдээр ачаалал үүсгэж, хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж эхлээд байна. Харин албаныхан ХҮНСНИЙ зах худалдааны төвүүдийг хаахгүй тул хүнсний хомсдолд орох эрсдэл байхгүйг анхааруулсан. Иймд иргэдийг бөөгнөрөл, хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч, үнээ огцом нэмэгдүүлсэн газруудыг ШӨХТГ, цагдаагийн байгууллага, Мэргэжлийн Хяналтын байгууллагад мэдэгдэхийг хүсэж буй.
Гэтэл хүнсний бүтээгдэхүүнээс гадна шатахуун нөөцөлж эхэлжээ. Зарим шатахуун импортлогч компаниудын зүгээс "Шатахууны хомсдол үүсэх тул, нөөцлөөрэй” гэх утгатай худал шуум сэвээд байгаа сураг дуулдаж байна.
Шинэ коронавирусийн халдварын улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унаж байгаа. Харин Монголд эсрэгээрээ шатахууны үнэ буурахгүй, өндөр хэвээр байгаа юм. Манай хэдэн импортлогчид муу жишигтэй. Дайны хажуугаар дажин гэж, коронавирус илэрснийг, иргэд шатахуун дээр бөөгнөрч байгааг далимдуулан хэдэн импортлогчид "оодрох” нь. Өөрсдөө л ашиг олж байвал олон түмэн сөхрөх нь тэдэнд хамаагүй.
Иргэд ч ухамсартай хандаж зохиомол хомсдол, бөөгнөрөл үүсгэхгүй баймаар байна. Нийслэлээс гарах, орох замыг тодорхой хугацаанд хязгаарласан энэ үед шатахуун нөөцөлж хаачих гэж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд буй юм.
Eguur.mn