Их Британийн эмч нар "Лондоны өвчтөн” гэгддэг Венесуэл гаралтай Адам Кастильехогийн ХДХВ-ийн халдвар бүрэн эдгэрсэн болохыг мэдэгджээ. Түүнд үүдэл эсийн эмчилгээ хийсний дараа уг вирусийн халдвар дахин илрээгүй тухай өнгөрсөн онд мэдэгдэж байсан билээ.
Энэ нь ХДХВ-ийн халдвараас бүрэн эмчлэгдсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм.
"Кастильехог эдгэрсэн тухай зарласан нь шинжлэх ухааны салбарынхныг хөл хөдөлгөөнд оруулж, ХДХВ-ийн эмчилгээнд шинэ арга барилыг эрж хайхад түлхэц өглөө” гэж "New York Times” сонин мэдээлжээ.
Өдгөө 40 настай Кастильеход 2003 онд 23 настайд нь ХДХВ-ийн халдвар илэрчээ. Тэрбээр энэ үед Лондонд хэдийнэ суурьшчихсан байсан байна. Ходкины лимфома буюу бие махбодын дархлааны тогтолцооны нэг хэсэг болох лимфийн системд нөлөөлдөг хорт хавдар 2011 онд оношлогдох хүртэл тэрбээр ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байжээ. Хорт хавдрын эмчилгээний хүрээнд түүнд чөмөг шилжүүлэн суулгасан нь мөн халдвараас ангижрахад тусалсан байна.
Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр, "remissio” буюу шинж тэмдгүүд нь аажмаар багасах эсвэл алга болох хэлбэрээр илэрдэг архаг өвчний явцын үе Кастильеход З0 сарын турш үргэлжилж, түүний цуснаас вирус алга болсон байна.
ХДХВ-ийн халдвараас бүрэн эдгэрсэн анхны тохиолдол 2007 онд Германд бүртгэгджээ.
Montsame.mn