НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Батаа, хөтөлбөрийн ажилтан Б.Баттөмөр нар Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Тэд энэ өдрүүдэд тус аймагт ажиллан НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, үр дүнтэй танилцах юм. Гуравдугаар сарын 25-нд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Алтай хотноо боллоо. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Батаа, хөтөлбөрийн ажилтан Б.Баттөмөр нар орон нутгийн удирдлагууд, зохицуулах зөвлөлийн гишүүдтэй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд өмнөх жилүүдэд хийсэн ажлын үр дүн, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр 2017-2021 онд Говь-Алтай аймагт таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Өмнөх жилүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийн талаар орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, хүүхдийн байгууллага, олон нийтийг чадавхжуулах ажлуудыг түлхүү явуулсан байна.