СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 3633 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 2216 иргэн байна. Өчигдөр Баян-Өлгий аймагт нэг жолооч нэмэгдсэн, Дархан-Уул аймагт 34 иргэн, Баянбууралын амралтад Алтанбулагийн боомтоор орж ирсэн 149 хүнийг тусгаарласан.
Орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд нийтдээ 11 эмч нар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй.
Цаашдаа УОК-ийн шийдвэрээр иргэд тусгаарлах байрыг бэлдэн ажиллаж байна.Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчрахад эмч нар түргэвчилсэн оношлууртай онгоцонд ажиллахаар бэлтгэл ажлаа хангасан” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 96 зорчигчийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцод коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тусгай үүргийн 4 онгоцоор ирсэн хүмүүсийг ээлж дараатай шинжилгээнд оруулж байна.
Одоо Токио-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 100 хүнийг шинжилгээнд оруулах гэж байна.3 сарын 25-нд ХӨСҮТ тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 208 хүн тусгаарлагдан тандалт, шинжилгээ хийн ажиллаж байна. 3 сарын 26-нд ХӨСҮТ 2, Сэлэнгэ аймагт 2, Дархан-Уул аймагт 2 нийт зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Онош батлагдсан өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм” гэв.