Манай улсад тусгаарлагдан, хянагдаж байсан Турк улсын хоёр иргэнээс COVID-19 халдвар илэрсэн байна. Эдгээр иргэд нь Монгол улс дахь Туркийн элчин сайдын яамны ажилтны ар гэрийнхэн бөгөөд гуравдугаар сарын 28-нд Солонгос улсаас Монгол улсад суугаа иргэдээ авахаар ирсэн тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан юм.
"Тухайн иргэний томилогдож ажиллаж байгаа улс оронд ар гэр нь ирэх эрхтэй байдаг. Үүний дагуу ирсэн. Харин эдгээр иргэдийг монголд байгаа гэрийнхэнтэй нь уулзуулаагүй, онгоцноос буулгаад шууд тусгаарласан байсан. Ойрын хавьтлын 10 хүнд шинжилгээ хийж байна” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд хийсэн шинжилгээний хариу мөн сөрөг гарсан байна. Мөн одоогийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналтанд байгаа юм.